2019-10-25
Энэ зун, намрын шуугианы эзэн баавгай болоод байна. Тухайлбал, энэ сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойтын аманд нутаглаж байсан айл руу баавгай дайрч, аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Мөн саяхан Хэнтий аймгийн Батширээт суманд нэгэн баавгай айлын гэрийг сүйтгэсэн хэрэг гарсан. Азаар тухайн айл эзгүй байсан юм. Улмаар тус баавгайг нутгийн иргэд буудаж устгажээ.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хандгайтын эхэнд, Улиастайн Шарын аманд баавгайн мөр илэрсэн бөгөөд уг мөр нь нас бие гүйцсэн баавгайнх болохыг мэргэжилтнүүд тогтоосон билээ. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагууд шуурхай алба байгуулан нийслэлийн ногоон бүсэд байгаа баавгайг илрүүлэх ажил зохион байгуулж байгаа. Энэ ажилтай зэрэгцэн сошиал орчинд “Богдхан ууланд, Их тэнгэрийн аманд баавгай харагдлаа, баавгайн баас байна, баавгай нийслэлтэй тун ойр ирсэн байна” гэсэн мэдээлэл түгэх болов.
Нийслэлд “нуугдсан” дээрх баавгайтай холбоотой асуудлыг нийслэлийн Байгаль орчны газрын малын эмч Г.Цэрэнноровоос тодрууллаа. Тэрбээр “Богдхан уул, Их тэнгэрийн аманд баавгайн мөр илэрсэн гэдэг нь батлагдаагүй мэдээлэл. Харин Хандгайтын эхэнд, Улиастайн Шарын амаас дахин мөр илрээгүй. Тиймээс тухайн баавгайг хөвч рүүгээ явсан гэж үзэж байна. Гэхдээ идэш тэжээл хайсан баавгай хэзээ ч гараад ирж магадгүй тул иргэд сэрэмжтэй байх нь чухал” гэсэн юм.
Нийслэлийн Байгаль орчны газраас явуулсан 2016 оны тооллогоор нийслэлийн ногоон бүсэд нэг ч баавгай байдаггүй болох нь тогтоогдсон юм. Харин 2018 онд нийслэлийн ногоон бүсээс хоёр баавгай илэрч, холбогдох байгууллагууд тухайн баавгайг байгальд нь буцаасан удаатай. Харин энэ намар Гачууртын Шарын хоолойгоос нэг баавгайг илрүүлж мөн байгальд нь нутагшуулжээ.
Энэ жил самар, жимс ховор ургасантай холбоотойгоор баавгай идэш тэжээл хайж улмаар ийм асуудал үүсгэж байгаа гэж судлаачид үзэж байгаа юм.
БААВГАЙНААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд