Б.Лхагважав: Айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг хий хоосон амлалт

2019-10-22

Популистууд. Энэ юу гэсэн үг вэ. Үүний хариулт бол МАХН-ынхны хэлж ярьж, хийж буй үйлдэл. Тодотговол, урьдчилгаагүй, хүүгүй зээлээр айл өрх бүрийг орон сууцтай болгоно гэсэн амлалт. Онол, судалгааг үл тоомсорлож, олны сэтгэлийг хөөргөж, тэдний сэтгэл хөдлөлд тулгуурлан элдэв хоосон үгээр нэр хүнд, санал авах гэсэн арга. Амьдралд хэрэгжих боломжгүй хоосон амлалт өгч, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хүмүүсийг популистууд гэж болно. Популист улстөрчид жирийн хүмүүсийн чихний чимэг болсон цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, баялгийг тэгш хуваарилах, албан тушаалтны эрх ямбыг хасах, нийгэмд шударга ёс тогтоох зэрэг уриа лоозоц дэвшүүлдэг. Ард түмэн үүнд итгэж явсан үе бий ч одоо бол үгүй. Тиймээс МАХН-ынхан энэ удаад нийгмийн буюу айл өрхийн эрэлт хэрэгцээн дээр тоглолт хийж эхэлсэн. Айл өрх бүр ялангуяа гал голомтоо бадрааж буй залуу хос нэг, хоёр өрөө байртай болохыг хүсдэг ч урьдчилгаа, барьцаа хөрөнгө, батлан даагч, зээлийн хүүнд хүлүүлдэг.

Үе үеийн Засгийн газар гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч өнөөдрийн байдлаар хамгийн боломжит хувилбар нь Ипотекийн зээл, түрээслээд өмчлөх явдал юм. Энэ хоёр хэлбэрээр олон айл өрх орон сууцтай болсон. Харин урьдчилгаагүй, хүүгүй зээлээр орон сууцтай болох боломж байсан бол өдийд гэр хороолол гэж байхгүй байх байлаа. Хийсэн бүтээсэн байтугай юу хийж, бүтээх нь тодорхойгүй байдаг популист улстөрчдийн балаг эдийн засгийг сөхрүүлж, улс орныг үймээн самуунд уруу татах хүртэл хор хөнөөлтэй болохыг улс төр судлаачид хэлдгийг санах цаг иржээ.

МАХН-ынхан ард түмний саналыг авахын тулд энэ бүхнийг эхлүүлсэн. Үүнийг бид бус тэд өөрсдөө хүлээн зөвшөөрч “Манай нам сонгуульд ялбал айл өрх бүрийг орон сууцтай болгоно” гэж хэлсэн. Яаж вэ гэдэгт тэд хэрхэн хариулахаа мэдэхгүй байгаа юм. Харин үүнийг эдийн засагчид “үнэхээр инээдтэй, байж боломжгүй асуудал” хэмээн тодорхойлж буй. Цагийн жамаар популистуудын ярьдаг сэдэв цөөрч, хууртагддаг хүмүүс нь багасах байх. Учир нь, популизм тооцоо, судалгаан дээр суурилдаггүй тул хэзээ ч биелэхгүй нь цор ганц үнэн.

МАХН-ынхны ярьж буй асуудлын хүрээнд Бизнесийн ухааны доктор Б.ЛХАГВАЖАВТАЙ ярилцлаа.

 

ДЭЭРЭМ ХИЙХ Л ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙНА

 

-МАХН-ынхан айл өрх бүрийг орон сууцтай болгох боломжтой талаар ярьж эхэллээ. Хамгийн гол нь урьдчилгаагүй, хүүгүй зээл олгоно гэсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаад байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Зарим улс орон ард иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг Үндсэн хуульдаа тусгасан байдаг. Ингэснээр тухайн асуудалд судалгаа тооцоотой ханддаг гэсэн үг. МАХН-ынхны ярьж буй хөтөлбөрийн тухайд санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх нь ямар ч судалгаа, үндэслэлгүй юм билээ. Тэд зүгээр л дээрэм хийх зүйл ярьж байна. 1990 онд бүгдээрээ адилхан гараанаас гарсан. Тухайн үед мал хувьчлах үйл явц өрнөж байсан. Одоо бол орон сууцны бодлогыг төрийн хэмжээнд барих бодлого тасалдаж, чөлөөт зах зээлд орхигдсон. Зах зээлд өнөөдөр орон сууцны эрэлт, нийлүүлэлт хангалттай ч үүний холбоосыг, хэрхэн нийцүүлэхийг шийдэж чадахгүй байна. Одоогоор бариад дуусчихсан, борлогдоогүй 30, 40 мянган байр бий.

Ер нь манай улсад орон сууц барьсны дараа борлуулах, хэрэглэгчдэд хүргэх зэрэг дараагийн үйл явц хоцрогдсон гэж болно. Хожим энэ талд анхаарал хандуулж, Ипотекийн зээл, түрээсийн орон сууц зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа. Гэхдээ барилгын хувийн компаниуд банк санхүүгийн байгууллагаас зээл авч байж, тухайн орон сууцыг барьж байгаа.

 

 

Барилгын салбар ийм системээр явж байхад улс төрийн нэг нам гэнэт гарч ирээд тэдгээр барилгыг иргэдэд хуваарилж, ямар ч үнэ төлбөргүй олгоно гэж байгаа нь өрөөсгөл ойлголт. Эрүүл ухаанаар бодоход ч хэцүү. Тэд барилгын компаниудыг орон сууцаа үнэ төлбөргүй барьдаг гэж ойлгоод байх шиг.

Иргэдийг урьдчилгаагүй, хүүгүй зээлээр орон сууцжуулах боломж яагаад ч байхгүй. Ийм боломжтой байсан бол социализмын үед л бүх айл өрхийг орон сууцтай болгочихсон байх байлаа.

 

-Тэд санхүүгийн эх үүсвэрийн тухайд тооцоо судалгаа хийсэн, сонгуульд ялчихвал хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдэг тайлбар хэлээд байгаа. Ер нь манай улс ийм хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх чадамж эдийн засгийн хувьд бий юү?

-Эдийн засгийн хувьд чадамж байхгүй. 2013-2014 онд гаднын улс орноос авсан их хэмжээний өр зээлийг 2020, 2021 онд төлж барагдуулах ёстой. Ялангуяа ирэх жил сонгуулиар гарч ирсэн улс төрийн ямар ч нам улс орны өмнө асар том хариуцлага хүлээж, их хэмжээний өр зээлийг төлж барагдуулах ёстой болж байна. Ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар шүү дээ. Энэ зөвхөн улсын төлөх ёстой зээлийн хэмжээ. Нөгөө талдаа хувийн компаниудын авсан 16, 17 тэрбум ам.долларын өр бий. Энэ бол уул уурхайн компаниуд газрын хэвлийн баялгийг барьцаалж авсан зээлүүд. Тиймээс тухайн компаниуд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, өр зээлээ төлж барагдуулах нь улсын төсвөөс ч илүү хүнд ажил болоод байна. Ойрын жилүүдэд улсаас  тийм их хэмжээний мөнгө гарах ямар ч боломжгүй. Улс орны боломж нөхцөл, бодит байдал ийм байхад айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг зүгээр л хий хоосон амлалт.

 

МАХН-ЫНХАН ДЭЭД ШҮҮХЭД ОЧИХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛСЭН

 

-Сонгуульд ялалт байгуулж, төр, засгийн эрхийг авахын тулд иргэдийг төөрөгдүүлж, хий хоосон амлалт өгч буй энэ ёс зүйгүй үйлдэлд хэн хариуцлага тооцох вэ?

 

-Дээд шүүх. Яагаад гэвэл, Дээд шүүх улс төрийн намуудыг бүртгэн авч, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, бодлогыг нь баталдаг. Сонгуулийн тухай хуулиар улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг барьцаалж, амлалт өгч, сонгуульд өрсөлдөхийг хориглосон байдаг. МАХН-ынхан ийм зүйл амласнаасаа болж Дээд шүүхэд очих нөхцөлийг бүрдүүлээд байна. Улс төрийн сонгуульд өрсөлдөхийн тулд улсынхаа эдийн засгийг “алж” болохгүй шүү дээ. Эдийн засгийн ямар ч судалгаа, эх үүсвэргүй зүйл зарлаж, иргэдийн ядуу, эмзэг байдалд тоглолт хийж буй нь Дээд шүүхээс тухайн намын нэрийг татах үндэслэл болно. Өөрсдөө ийм асуудал үүсгэчихээд шүүхээс эрхийг нь хасахаар эргээд хэрүүл хийх л зохион байгуулалттай зүйл хийгээд байна.

Сонгуулийн өмнө галзуурлын зургаан сар эхэлдэг. Тэр нь эхэлчихсэн байна. Сонгууль болохоос өмнө ямар ч хүний хийж, бүтээсэн зүйлийг харлуулж, өөрөө баатар болох гэж зүтгэдэг. Аль эсвэл хэрүүл хийж, заргалдаж, шүүхдэлцэж тэр хэрээрээ пиараа өсгөх, өрөвдүүлэх янз бүрийн аргыг гарамгай хийдэг. Үүний эхлэлийг МАХН-ынхан тавьж, тайзан дээр гарч ирээд байна.

 

-Ипотекийн зээлд зарцуулж буй санхүүжилтийг тухайн хөтөлбөр рүү оруулах боломж бий гэдэг зүйлийг хэлж байсан. Ийм боломж бий юү?

-Сонгууль болохоос зургаа, долоон сарын өмнө ийм зүйл болдгийг ард иргэд мэддэг ч нэг хэсэг нь түүнд хууртдаг тал бий. Улсын нийтийн санхүүгийн үндсэн зорилгыг нийгмийн халамж руу чиглүүлэх нь байх ёстой асуудал. Гэхдээ Монголбанк 2013, 2014 онд Засгийн газартай нийлж, бизнес хийх нэрийдлээр Монголбанкны үндсэн концепцын эсрэг Ипотекийн зээл олгосон байдаг. Тухайн үед олгосон хоёр их наяд төгрөг нь одоо Монголбанкны өр болчихсон яваа. Монголбанкны үндсэн алдагдлын гурван их наяд төгрөгийн хоёр их наяд нь Ипотекийн зээлийн өр. Олон улсын валютын сангийнхан үүнийг банкны системийн том гажуудал гэж үздэг.

 

Сүүлийн хоёр жилд Монголбанк тухайн зээлийг зогсоож, Засгийн газар хариуцахаар болсон. Ингэснээр Засгийн газар энэ жил 60, 70 орчим тэрбум төгрөгийн зээл олгож байна.Илүүчилж байгаа нь ердөө л энэ. Гэтэл асар их хэмжээний буюу 12 тэрбум ам.доллар шаардлагатай асуудлыг хийж, хэрэгжүүлэх боломжтой гэж МАХН-ынхны ярьж байгаа нь үнэхээр инээдтэй. Үүний оронд ажлын байр бий болгох ажлыг санаачлах хэрэгтэй л дээ.

 

ОРОН СУУЦНЫ НӨАТ-ЫГ 100 ХУВЬ БУЦААН ОЛГОХ НЬ БОДИТ АЛХАМ

 

-Тухайлбал, танд ямар санал байна вэ?

-У.Хүрэлсүх сайдын Засгийн газрын хийж буй ажлуудаас авууштай нэг нь Татварын багц хуулийг баталсан явдал юм. Ингэснээр 2020 оноос 170 мянган компани арав дахин бага татвар төлөх боломжтой болж байна. Үүний цаана хөдөлмөрийн зах зээлд буюу технологи, хүн хүч, нийгмийн асуудалд анхаарч, мөнгө зарцуулах боломж гарч ирж байгаа юм. Эдгээр компанийн идэвхжил, эрчимтэй өрнөлөөр дамжуулж, 1.1 сая ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх нь зүйтэй.

Бас нэг бодит амлалт гэвэл, орон сууц худалдан авсан иргэдэд НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох явдал юм. Энэ нь цаагуураа барилгын компани, айл өрхийг орон сууцтай болохыг дэмжиж буй хэрэг. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлэхэд ямар ч хүндрэл, бэршээл гарахгүй. Эдийн засгийн хувьд ч асуудал үүсэхгүй. НӨАТ-ын систем мөнгөний урсгалын хяналтыг бий болгодог. Ийм маягаар бага багаар гол ажлаа хийхгүй бол хүнд үнэгүй юм өгнө гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Үүнд, хууртах хэрэггүй.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хар тамхины хэргээр ял тэнссэн этгээдүүдийн 50 хувь нь дахин хэрэглэж байжээ
Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана
Халтиргаатай үед хэрхэн зөв алхаж явах вэ?
Монголд алмазын орд байдаг уу?
​Дараах байгууллагын албан тушаалтнууд төрийн албаны машинаар хүүхдээ сургуульд хүргэсээр байна
Эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрын эсийг устгах вирус дээр ажиллаж байна
Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна
М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна
НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна
АТГ: Анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдэв
“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”
Цагдаагийн алба хаагчдад шинэ загварын тэмээний ноосон хантааз олгов
АМЖИЛТЫН МЭДЭЭ: О.Гүндэгмаа 7 дахь олимпдоо оролцоно
"Их тайга" цайнаас мөөгөнцөр илэрлээ
Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах нь зүйтэй гэж шийдвэрлэв
Албадан гаргасан хятад иргэдийг Нанжин хотод хорихоор болжээ
Д.Одбаяр Монгол руу нисэх хүсэлт гаргажээ
С.Жавхлан гишүүн 3 машин, 30 адуутай
Ядуурлын эдийн засгийн бодит жишээ нь бид юм
Ачааны чингэлэгт амиа алдсан 39 хүн хэн болохыг таниулж дуусжээ