"Өргөө" амаржих газарт амаржихаар ирсэн эх юуны учир эндэв

2019-06-04

“Өргөө” амаржих газарт амаржихаар ирсэн эх юуны учир эндэв

 

 -Олон удаа хийсвэрээр төрөх нь амь нас, эрүүл мэндэд аюултай аж- 


Нийслэлийн нэгдүгээр“Өргөө” амаржих газарт байсхийгээд л эх, үрийн эндэгдэл гарах юм.  Өнгөрсөн 2015 онд амаржихаар очсон эх, үр хоёулаа эндсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт амаржихаар ирсэн 37 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарав.

Ар гэрийнхэн нь эмч, сувилагч нарын хариуцлагагүй байдлаас болж эндсэн хэмээн үзэж цагдаагийн байгууллагад хэргийг шалгуулж эхэлсэн байгаа юм. Эсэн мэнд, эрүүл саруул ургаа тээсэн эх яагаад гэнэт эндэв гэдэг нь яах аргагүй анхаарал татна.

Алтан гартай эмч нараас аврал эрж, хоёр яс салах гээд ирсэн эх эндэнэ гэдэг үнэхээр харамсалтай эмгэнэлтэй юм. Талийгаач эмэгтэй гурван хүүхэдтэй байсан бөгөөд дөрөв дэхь хүүхдээ төрүүлэх явцад хүндрэл гарч амиа алдсан гэж тус эмнэлгийн удирдлагууд тайлбарлаад байгаа юм.

Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан “Манайд тавдугаар сарын 23-нд жирэмсэний дөрөв дэхь хийсвэр хагалгаанд орох төлөвлөгөөтэй ирж хэвтсэн байсан. Жирэмсэний хожуу үе буюу хордлогын хүнд хэлбэртэй, эхэс төрүүлэлт гэсэн оноштой ирж хэвтсэн. Хэвтсэн хугацаанд хүүхдийн амьдрах чадвар бага байсан учир хүүхдийн амьдрах чадварыг дэмжиж, төрөлтийг долоо хоногийн хугацаанд бэлтгэгдээд зургадугаар сарын 03-нд хийсвэр хагалгаанд орохоор баг томилогдсон байсан. Гэвч жирэмсэн эхийн умай үе үе хатуурч зовиурласан. Тиймээс умай сулруулах, үрэвслийн эсрэг эмчилгээ, ураг дэмжих амин дэмийн эмчилгээ хийсэн юм билээ. Энэ хүн өмнө нь манайд нэг удаа хэвтэн эмчлүүлж байсан.

Эх байсхийгээд умай хатуурч базлаж өвдөөд байна гэж хэлэхэд эмч нар үзсэн. Гэвч төрөлт эхлээгүй байсан. Тиймээс дахиад базлалт өгч эхэлбэл тэр шөнөдөө хагалгаанд оруулна хэмээн үзэж уян зүү хатгаж, дусал залгаад өрөөнд нь орхисон юм билээ. Тэр үед эх баригч, асрагч хоёр маань бас өөр өрөөнд цус алдаж, зулбалт явагдсан ээжийг цэвэрлээд эргээд нөгөө уян зүү тавьсан эх дээр 02.30 цагт ирэхэд ухаангүй, зүрх судасны дутагшилд орсон байсан. Яаралтай арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй.

Тухайн үед ээжид дусал залгаад нэг цагийн дараа орж ирэхэд биеийн байдал нь хэвийн байсан юм билээ. Иймэрхүү хүнд анхаарал татахуйц ээжийг хоёр цагийн зайтай хянадаг учир хянаад явсан юм билээ. Эхийн биеийн байдлыг асуухад “Миний бие зүгээр би жаахан унтъя” гэж хэлэхэд сувилагч гараад явсан юм билээ.  Саяны байдал бол гэнэтийн зүйл болсон.

Энэхүү харамсалтай хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн. Шинжилгээний хариу гарах болоогүй. Юунаас болсон гэдгийг таамаглаж байгаа. Энэ бол гэнэтийн тохиолдол. Бидний таамаглаж буйгаар эх барихын үед эхэс төрүүлэлт буюу хожуу хордлогын үед ураг орчмын шингэн эхийн цусанд орсноор бөглөрч амиа алдсан байж болзошгүй. Маш ноцтой гэнэтийн эмгэг гэж үзэж байна.

Гэхдээ шинжилгээний хариу гарснаар яг юунаас болсон нь тодорхой болно. Яагаад гэвэл тодорхой хэмжээнд хүүхдийг бэлтгэх шаардлагатай байсан учир ээжид хийсвэр хагалгаа хийх заалт гараагүй байсан. Жирэмсэний хугацааг төлөвлөдөг. Хэрвээ ямар нэгэн хүндрэл гарвал яаралтай хагалгаанд оруулдаг.

Тийм учраас бид нар хүүхдийн уушгины боловсрох зэргийг нь гүйцээхээр хүлээж байсан. Төрөөд ч энэ ээж цус алдах эрсдэл өндөр байсан. Төрөнгүүт нь бид умайг авах хагалгаа хийх байсан. Яагаад гэвэл дөрөв дэхь хийсвэр хагалгаа учир сорви маш их нимгэрсэн байсан. Эхэсийг салгах ямар ч боломжгүй. Тиймээс умай тайрах хагалгаа хийх байсан.

 Хүүхдийн амьдрах чадварыг нь ч бас бодолцсон. Тиймээс ор хүрэлцэхгүй, эмч сувилагч нарын ачаалал ихэссэн зүйл байхгүй. Жирэмсний маш ноцтой хүндрэл гарсан. Түүнээс эхэд ямар нэгэн хууч өвчин илрээгүй. Дахин хэлэхэд урьдчилан таамаглах боломжгүй эхэс төрүүлэлттэй холбоотой хүндрэл, ураг орчмын шингэнээр бөглөрөх хүндрэл гэж үзэж байна. Гэнэт эхэс ховхорч, эхэс төрүүлэлтээс болж цус руу шингэн ордог. Үүнээс болж зүрх зогсох, амьсгал зогсох хүндрэл дагуулдаг” гэв.

Энд нэг зүйлийг онцлоод хэлэхэд, олон удаа хийсвэр хагалгаанд орох аюултай юм байна. Учир нь оёдол маш нимгэрч, эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсдэг аж.

Тиймээс жирэмсний хяналтад өрхийн эмнэлгийн эмч нарын хариуцлага маш чухал байгаа юм. Олон удаа хийсвэрээр төрөх ямар аюултай гэдгийг өрх, дүүргийн эмч нар эмэгтэйчүүдэд хэлэх ёстой. Яагаад гэвэл сүүлийн 10 жилийн байдлаар 3-5 хүртэлх хийсвэрийн давтан хагалгаа ихэсчээ. Энэ нь эргээд эрсдэл дагуулж, эхэс төрүүлэх, эхэс ховхрох, умай урагдах, эх, ураг эндэх аюултай хүндрэлүүд болдог байна.

Тиймээс болж өгвөл гурван удаа хийсвэрээр төрсний дараа дахин хийсвэр хагалгаагаар төрөхгүй байх ёстой. 4-5 дахь хийсвэр хагалгааны хүүхдийг эхэд тээлгүүлнэ гэдэг маш их эрсдэл. Эх нь эрүүл саруул тээсэн юм чинь хүүхдээ эрүүл төрүүлнэ гэж бодоод эмнэлгийн хаалгаар хоёр хөлөөрөө орж ирчихээд эргээд үр хүүхдээ тэврээд гарч чадахгүй, амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай хэрэг.

Хүний эрхийн үүднээс ураг тээх эрх нь байгаа ч 4-5 удаа хийсвэр хагалгаанд орвол ямар хүндрэл гарах вэ гэдгийг төрөх эхчүүд болон хяналт тавьдаг өрхийн эмч нар сайн мэддэг байх ёстой. Иймэрхүү эрсдлийг ээжүүд ойлгож, ухаарах хэрэгтэй болжээ.

Мэдээж ар гэрийнхнийх нь хувьд хүнд хэцүү байна. Хайртай ээжээ, халамжит ханиа үүрд алдсан тэдэнд гомдол цөхрөл төрөх нь аргагүй. Тэдний хэлж буйгаар ургийг нь аваад эхийг нь амьд үлдээх боломж байсан. Гэтэл эмч, сувилагч нар нь албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан. Заавал зургадугаар сарын 03-ныг хүлээх шаардлагагүйгээр яаралтай хагалгаанд оруулсан бол өнөөдөр амьд байха байсан юм гэж ярьжээ. Шүүх шинжилгээний хариу 2-3 долоо хоногийн дараа гарах ажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй