2019-05-31
Энэ зун их халуун болж магад гэсэн цаг агаарын таамаг байна. Тэнгэр хангайн энэ халуунтай зэрэгцэн улс төр лавтайяа нэг сар халуурах янзтай. Энэ халуурлыг АН өчигдөр “Хариуцлага нэхэх ард түмний жагсаал” гэгчээр эхлүүлэв.
Парламентад бүлэггүй болсон АН-ынхан аргаа барж байна. Дотроо хэрүүлтэй, доороо тэмцэлтэй энэ нам улам бүр бүдгэрч байгаа үнэлэмж, дуу хоолойгоо сэргээх гэсэн “сэрэл” нь энэ жагсаал болов.
Намын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах акцийг бүтэн сар хийнэ гэдгээ мэдэгдсэн. Бараг л бүтэн сарын турш жагсах юм байх. Аливаа юмны тун хэмжээ хэтрэхээр нийгэм дөжирч, хүүхэд нохойн тоглоом гэдэг шиг юм болдог. АН-ын энэ урт удаан акцийн хувь тавилан эцэстээ иймэрхүү янзаар элэг доог төдийхөн болж мэдэх л юм.
АН-ын жагсаал, Засгийн газрыг огцруулах акц эхэлж байгаа энэ цаг үеийн үйл явдлын давхцлыг эргэн харж, эргэцүүлэн дүгнэх хэрэгтэй. Цаг хугацааны энэ сонголт санамсаргүй байгаагүй нь лавтай. Тиймээс энэ үед болж буй үйл явдлын өрнөл дунд учир шалтгааны олон учиг огтлолцолтой АН-ын акцийг холбож харах ёстой.
Монголын улс төрийн жишигт аливаа жагсаал цуглаан заримдаа тэмцлийн гэхээсээ илүүтэй нийгмийн сэтгэл зүйг нэгээс нөгөө шилжүүлэх, олон нийтийн анхааралд өртсөн асуудлыг займчуулан мартагнуулах, бүрхэгдүүлэх зорилготой зохион байгуулагддаг гэдгийг иргэд мэдэхийн дээдээр мэддэг болсон байх. АН-ын эхлүүлж байгаа улс төрийн акц ч бас энэ зорилгоос нэг их хол биш юм шиг байна.
АН-ын дарга С.Эрдэнэ сүүлийн үед их барцадтай байгаа. Тухайлбал, түүний нэр устай холбогдон яригдаж буй олны анхааралд өртсөн нэг асуудал гэвэл “Найрамдал” зуслангийн газар. Даргын ээжийн компани зуслангийн газарт зориулалтын бусаар барилга барьсан гэж яригдаж буй. Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар “Найрамдал” зуслангийн газарт газар олгосон асуудлыг цэгцэлж, зарим барилгыг нураахаас өөр аргагүй гэсэн байр суурь яригдаж байгаа билээ.
АН-ын жагсаал Эрдэнэтийн 49 хувийн луйврын гол зохион байгуулагч гэгддэг ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг баривчлан шалгаж буй цаг үетэй давхцаж байна. Энэ асуудалтай холбоотойгоор АН-ын лидерүүдийн нэг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг АТГ яллагдагчаар татсан. Засгийг огцруулах акцийг энэ үеэр хийж байгаа нь МАНАН-г хамгаалж байна гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж байна. Энэ бол улс төрийн хүчний хувьд их л таагүй илэрхийлэл бөгөөд 2020 оны сонгуульд хасах оноо болж очиж мэдэх юм.
Хоёр хоногийн өмнө Баянзүрх, Чингэлтэй дүүргийн АН-ын 300 гишүүн намаасаа гарч байгаагаа илэрхийлж батлахаа өглөө. Үүнээс урьд ч хэдэн зуугаараа гарч байсан. Тэд намаасаа гарах болсноо “Ардчилсан намынхан МАНАН мафийг дарж авах байтал шинэ МАНАН үүсгэж байна. Энэ намд шударга ёс гэж алга” гэж мэдэгддэг. Эгэл жирийн гишүүд нь намынхаа үйл ажиллагаа, удирдлагыг ингэж харж байна.
Үүнтэй зэрэгцэн АН-ын гишүүд нь С.Эрдэнэ даргыгаа огцруулахаар тэмцэж буй. Бүр тодорхой үндэслэлүүдийг ч гаргаж тавьж байгаа билээ.
Энэ мэт дотоод асуудлаа шийдэж зохицуулж чадаагүй хэрнээ Засгийг огцруулах, УИХ-ыг тараах юм яриад явж байна.
АН өчигдөр зохион байгуулсан жагсаалдаа ихэд анхаарсан нь харагдсан. Хөрөнгө мөнгө ч бас багагүй зарцуулсан бололтой. Аймаг, дүүргийн намын хорооддоо жагсаалд оролцох гишүүдийн тоог тогтоож өгсөн гэнэ. Оролцсон хүн бүрд 10 мянган төгрөг өгч байгаа гэх мэдээлэл цахим орчинд явж байна лээ. Ингэж зохион байгуулсаны дүнд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн жагсаалыг бодвол илүү олон хүн цугларсан харагдсан.
Жагсаалд оролцогч нэгэн иргэн тайзан дээр хонины гуя барьчихсан, үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байсан бол өөр нэгэн шаврын тэргэн дээр Ерөнхий сайдын зургийг бэхэлчихсэн түрж яваа харагдсан.
Хоёр хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гадаа цуглаан зохион байгуулаад явж “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Л.Наранбаатар тэргүүтэй нөхдүүд энд ирчихсэн мөнөөх л ногдол ашиг хэмээн "голоо цохьж" байна гэсэн. Тэд хэний захиалгаар ард түмэнд “хайртай” дүр эсгэж яваа нь тодорхой болов. Мөн АН-ын ахмад гишүүн Э.Бат-Үүл “иргэдийн маханд дугаарлаж байхыг харж их гайхаж байгаа”-гаа илэрхийлж байна гэнэ.
Жагсагчид төрийн ордонг гороолж УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэнээр "ард түмнээ өмөөрөв".
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд