"Нуусан" төмөр зам аудитын тайлангаас илрэв

2019-05-28

"Нуусан" төмөр зам аудитын тайлангаас илрэв

Дорноговь аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүнбаянгийн төмөр замын шав тавих ёслолд оролцсон тухай зурагтай мэдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдав. Эл мэдээтэй зэрэгцээд 2012 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа ч Дорноговь аймагт 800 км төмөр зам барих шав тавих ёслолд оролцож байсныг нь Төрийн тэргүүнд сануулах хүмүүс ч нүүр номд цөөнгүй байлаа.

Юутай ч нүүрсний төмөр замаа болиод нөхөн үржихүйн төмөр зам тавихаар Монгол Улсын Засгийн газрын шийдвэр нэгэнтээ гарсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой”-н ашгийг энэхүү төсөлд зарцуулахаар төлөвлөөд буй юм. Үүнээс хэдхэн хоногийн өмнө ЗГХЭГ-ын даргын бондын хөрөнгөөс “бойжсон” хувийн компаниудын хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн эргэн төлөлтийн талаарх аудитын дүнг танилцуулахдаа Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, төмөр замын бүтээн байгуулалт нэрээр шороо болж хувирсан хөрөнгөний тухай зориудаар огтоос дурдаагүй өнгөрсөн билээ.

Харин гүйцэтгэлийн тайланд бичигдсэн “Шинэ төмөр зам” төслийн хамрах хүрээ, зарцуулсан мөнгөн дүн өндөр байгаагаас гадна “Монголын төмөр зам” ТӨХК-иас ирүүлсэн баримт, материал хангалтгүй, аудитын багийн шаардсан хугацаанд ирүүлээгүй, төслийн хэрэгжилтийн явцад зөрчилтэй асуудлууд гарч, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул мэргэжлийн зөвлөх, шинжээчийн хамт тусгайлан эрсдэлийн аудит хийх шаардлагатай байна” гэх өгүүлбэр анхаарал татна.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас олон улсын хөрөнгийн зах зээлээс зээлж авчирсан бондын мөнгөөр “тэжээгдсэн” төмөр замын төслүүд Монголын эдийн засагт үр ашиг өгсөнгүй гэдгийг уг тайланд дэлгэрэнгүй бөгөөд тодорхой өгүүлжээ. Тодруулбал, Гашуунсухайтын төмөр замын төсөл хэрхэн эхэлж, хэрхэн төгссөн тухай.

2010 онд УИХ-аас Төрөөс баримтлах төмөр замын  бодлогын хүрээнд нийтдээ 5.6 мянган км төмөр замын суурь барих төслүүдийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөснийг уг тайланд “онцлоод” хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог “McKinsey and company” ойролцоогоор 5.2 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон тухай ч дурджээ.

Анх “Энержи Ресурс” ХХК нь “Самсунг Си энд Ти” компанитай 439.8 сая ам.долларын өртөгтэй барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг 2012 оны арадугаар сарын 31-ний өдөр байгуулж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, инженерийн хайгуул судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, нөлөөллийн бүсийн айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэлт, газар шорооны ажлуудыг хийж гүйцэтгэсэн боловч Засгийн газрын 2012 оны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2012 оны 93, 161 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгосноор “Энержи Ресурс Рэйл” ХХК-тай байгуулсан гэрээг 2013 оны тавдугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

Өөрөөр хэлбэл, үүнээс хойш Монголын төр өөрөө төмөр зам барих ашиг сонирхолд хөтлөгдсөн, өнөөдөр ч түмэн цэргээр түмэн замаа бариулах үлгэр яриад явж байна. Үүний ард ямар ашиг сонирхол байгааг нь Хөгжлийн банкны гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитын дүн яруу тодоор харуулж буй.

 ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ТАЙЛАНД:

-Төмөр замын суурь бүтцийг барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын хөгжлийн банк хариуцан, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яамтай тодорхой нөхцөлүүдээр харилцан тохиролцож, Евро бондын хөрөнгөөс 55 сая ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй, 7.38 хувийн хүүтэй “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” 3-ТЗ-Б 2013-5 тоот гэрээг 2013 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр байгуулжээ.

-“Монголын төмөр зам” нь Засгийн газрын 2013 оны 82 дугаар тогтоолоор Чингис бондын хөрөнгөөс “Шинэ төмөр зам” төслийг санхүүжүүлэх 200 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан авах “Засгийн газрын бондын хөрөнгөөр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” Г03/95/3-ТЗ-ХО 2013.16 тоот гэрээг 2013 оны тавдугаар сарын 06-ны өдөр байгуулсан байна.

-2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Чингис бондын 197.3 сая ам.долларыг тус төсөлд зарцуулжээ.

-“Монголын төмөр зам” ТӨХК-д 2013 онд олгосон 22.5 сая ам.долларын зээл 197 хоног, 197.3 сая ам.долларын зээл 141 хоногийн хугацаа хэтэрсэн тул эргэлзээтэй ангилалд байна. Мөн эргэн төлөлт тодорхойгүй байна.

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон “Шинэ төмөр зам төсөлд”-д хуурамч гүйцэтгэлээр 2016 онд 3.7 тэрбум төгрөг, 4.6 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон, зээлийн зориулалтад нийцэхгүй БНХАУ-д оюутан сургасан гэж 112.6 сая төгрөгийн зардал гаргасан” гэх үйлдэлтэй эрүүгийн хэргийг хянаад 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан,

-“Монголын төмөр зам” ТӨХК-аас Хөгжлийн банканд хүргүүлсэн төлбөрийн даалгаврын дагуу Хөгжлийн банкнаас 722,381.0 ам.долларын санхүүжилтийг шилжүүлэн авсан гэх үйлдэлтэй хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байгаа гэсэн,

-Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргахдаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгцээ, шаардлагыг тооцоолоогүй, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км урт төмөр зам барих төслийн гэрээний үндсэн ажил эхлээгүй байхад 28.6 сая ам.долларын өртөгтэй, 65 ширхэг зам засварын тоног төхөөрөмжийг худалдаж авснаас дээрх хөрөнгө ашиглалтгүй,

-Төсөлд 2013-2016 оны хооронд МУХБ-наас нийт 224.7 сая ам.доллар, 3,663.8 сая төгрөгийн санхүүжилт олгож, нийт төслийн гүйцэтгэл 52.0 хувь байна.

-Барилга угсралтын ажил 2015 оны 2 дугаар сараас хойш санхүүжилтгүйн улмаас зогссон тул “Шинэ төмөр зам” төсөлд зарцуулсан 224.7 сая ам.доллар, 3,663.9 сая төгрөгийн хөрөнгийн үр дүн, үр ашиг гараагүй байна.

-“Шинэ төмөр зам” төслийн хамрах хүрээ, зарцуулсан мөнгөн дүн өндөр байгаагаас гадна “Монголын төмөр зам” ТӨХК-иас ирүүлсэн баримт, материал хангалтгүй, аудитын багийн шаардсан хугацаанд ирүүлээгүй, төслийн хэрэгжилтийн явцад зөрчилтэй асуудлууд гарч, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул мэргэжлийн зөвлөх, шинжээчийн хамт тусгайлан эрсдэлийн аудит хийх шаардлагатай байна зэрэг мэдээллүүдийг дурджээ.

Овоо босгохгүй бол шагшрах шаазгай олдохгүй. Овоолсон шороон дээр бол шагшрах шаазгай хаанаас ч гарч ирнэ. Дашийн шог болсон нүүрсний төмөр замын араас нөхөн үржихүйн төмөр зам болчих вий гэсэн болгоомжлол энэхүү тайлангаас төрж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээлээ
Ноён долларын ханш дөрвөн төгрөгөөр буурчээ
Чөлөөт бөхийн ДАШТ: Г.Мандахнаран эхний барилдаандаа ялагдлаа
Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал
Монголчууд монголдоо учраа олдоггүй хэрнээ гадагшаа яваад хаа ч учраа олчихдог
Р.Болормаа: Чанаргүй зам барьдаг компаниудад эрх олгосон хүмүүст хариуцлага тооцъё
Гэрээрээ ажиллагсад ба жаргалтай гэр бүл
Афганистанд дахин халдлага болжээ
Өнөөдрөөс 5 буудлаас 7 буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана
Э.Цэндбаатар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана
Нэгдүгээр үед АНУ, хоёрдугаар үед Хятад ялна
Либерийн сургуульд гал гарсны улмаас 26 хүүхэд амиа алджээ
50 cent, Алла Пугачева нар хамтарсан уран бүтээлээ толилуулжээ
Солонгос, Хонгконг, Казахстан, Буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд
Б.Мандухай: “Comedylab”-ын Д.Амартүвшин бусдыг хорт муу зуршил руу уруу татаж, уриалж болохгүй
Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдлаа
Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя